Хустайн байгалийн цогцолборт газар

Ерөнхий танилцуулга

Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ) нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт оршдог. Хустайн нуруу нь Хэнтийн нурууны баруун урд сэжүүрийн зүүн хойноос баруун урагш цуварсан уулс бөгөөд хээрийн бүс рүү түрж орсон ойт хээрийн урд зах, бас энд хэсэг хэсэгхэн бөөгнөрөн хурсан элсэн аарцаг толгод бүхий  өвөрмөгц тогтоцтой нутаг.  

УИХ-ын 1993.11.12 ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгосон.

(ХБЦГ) –ын 50.6 мянган нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 51 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг  223 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл хоёр нутагтан, 385 зүйл шавьж, түүний дотор 21 зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрхээхэй, 10 зүйл голио, 29 зүйл царцаа бүртгэгджээ. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож, Epidamaeus khustaiensis хэмээн нэрлэгдсэн билээ.

Эдүгээ манай дэлхийд үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулах ажил 1992 онд эхэлж, ХБЦГ одоо  дэлхий дээр хамгийн олон (2014 оны байдлаар 320) тахьтай газар болоод байна.  

ХБЦГ болон түүний орчны бүсд ойр орчимд эртний хүмүүсийн үлдээсэн түүх соёлын дурсгалт зүйлс тухайлбал дөрвөлжин булш – 252, дугуй болон дөрвөлжин хүрээтэй, хүрээгүй томоохон хиргисүүр 90, хөшөө чулуу 3, YI-YIII зуунд Монгол нутагт төр улсаа байгуулж байсан Түрэгийн хаант улсын үед хамаарагддаг цогцолбор хөшөө хөшөө дурсгал, мөн буган чулуу, хадны сүг зураг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлс олон байдаг.

ХБЦГ 2002 онд ЮНЕСКО-гийн дэргэдэх Хүн ба шим мандлын хамгаалалттай газрын сүлжээнд бүртгэгдсэн.

Хустайн нурууг улсын тусгай хамгаалалтанд анх авснаас (1993) 2003 он хүртэл МБОХХ Байгаль орчны яамтай гэрээ байгуулан менежментийг нь хариуцаж байв. “Хустайн цогцолборт газар” төв (Хустай төв) ТББ 2003 онд байгуулагдаж, тэр цагаас байгаль орчны чиглэлийн төрийн захиргааны төв байгууллага (яам)-тай гэрээ байгуулан ХБЦГ-ын хамгаалалтын захиргааны үүргийг улсаас ямар нэг санхүүгийн дэмжлэг авахгүйгээр өөрийн орлогоор эдүгээ хүртэл гүйцэтгэж байна.  

Хустай төв доорх 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд :

  1. ХБЦГ-ын экосистем болон түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах
  2. Дэлхийд нэн ховордсон зэрлэг адуу - тахийг сэргээн нутагшуулж, цаашид байгальд бие даан оршиж чадах популяци буй болгох
  3. Олон улсын хэмжээнд сургалт судалгаа зохион байгуулах
  4. Байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх
  5. ХБЦГ-ын орчны бүсийг хөгжүүлэх

ХБЦГ зөвхөн тахь нутагшуулж байгаагаараа төдийгүй, байгаль хамгаалах, судалгаа хийх, нутгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх талаар хийж байгаа олон талт ажлуудаараа эх орондоо төдийгүй олон улсын түвшинд сайн танигдсан газар болсон.