Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ) нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт оршдог. Хустайн нуруу нь Хэнтийн нурууны баруун урд сэжүүрийн зүүн хойноос баруун урагш цуварсан уулс бөгөөд хээрийн бүс рүү түрж орсон ойт хээрийн урд зах, бас энд хэсэг хэсэгхэн бөөгнөрөн хурсан элсэн аарцаг толгод бүхий өвөрмөгц тогтоцтой нутаг.
УИХ-ын 1993.11.12 ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгосон.
(ХБЦГ) –ын 50.6 мянган нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 51 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг 223 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл хоёр нутагтан, 385 зүйл шавьж, түүний дотор 21 зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрхээхэй, 10 зүйл голио, 29 зүйл царцаа бүртгэгджээ. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож, Epidamaeus khustaiensis хэмээн нэрлэгдсэн билээ.
Эдүгээ манай дэлхийд үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулах ажил 1992 онд эхэлж, ХБЦГ одоо дэлхий дээр хамгийн олон (2014 оны байдлаар 320) тахьтай газар болоод байна.
ХБЦГ болон түүний орчны бүсд ойр орчимд эртний хүмүүсийн үлдээсэн түүх соёлын дурсгалт зүйлс тухайлбал дөрвөлжин булш – 252, дугуй болон дөрвөлжин хүрээтэй, хүрээгүй томоохон хиргисүүр 90, хөшөө чулуу 3, YI-YIII зуунд Монгол нутагт төр улсаа байгуулж байсан Түрэгийн хаант улсын үед хамаарагддаг цогцолбор хөшөө хөшөө дурсгал, мөн буган чулуу, хадны сүг зураг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлс олон байдаг.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ